Tuesday, December 10, 2013

22. “Ардчилалын багтайгаар...”.

Нийтлэлч Алхана Болд. \ноорог, дуусаагүй\ 22. “Ардчилалын багтайгаар...”.
Монголд ардчилал гээч шүүмжилж болдоггүй час улаан юм байна. Шүүмжлэх гэхээр "ардчилагчид" өмнөөс “Аа , чи муу хувьсгалт намынх байна!!! Ардчилал бол өндөг шиг өөгүй зүйл. Танай коммунистууд 1938 онд оросуудтай нийлж лам нарыг алсан, 700 сүм хийдийг маань шатаасан!!!" гэсэн самбараа шүүрч аваад дайрдаг. До яамныхан 30-аад онуудад, өөрсдөө хүүхэд, хөгшдийг ч уйлуулан, чичрүүлэн чин сэтгэлээсээ, гардан, бахаа ханган хийсэн яргалалаа оросууд руу чихсэн шиг, "ардчилагчид" буруу бүхнээ өмнөх социализм, нөгөө л оросууд руу түлхдэг.  Тэд өөрсдийгөө дөвийлгөх болохоороо гар утас гэхчлэн техникийн дэвшлийг ч нам руугаа наадаг. Манай "ардчилсан" хувьсгалчид 1990 онд Сталин буюу гүрж Иосиф Виссарионович Жугашвили-ийн хөшөөг буулгаж байхдаа алсан, тамалсан, цөлснийг нь гайхан, жигшээд ард биднийг уярааж байсансан. "-Одоо эд нар  маань л, ард түмнээ хядсанаараа зөвхөн Кампучын Пол Пот, Иенг Сари хоёрын дараа ордог их алуурчин-1930-аад оноос 1952 онд үхэх хүртэлээ монголчуудыг айдас, хүйдэс дунд тарчлаасан Хорлоогийн Чойбалсаны- хөшөөг Их Сургуулийн өмнөөс зайлуулах нь- гэтэл тэгсэнгүй,  түүнийг бүүр байнга будуулж, зүлгүүлсээр 20-иод жил боллоо. "25 000 монгол хүнээ алсан ч Чойбалсан сайн удирдагч" гэж гажигтдаг монголчуудыг ойлгох чадвар дэлхийнхэнд сох дутаж байна. Цэцэрлэгийн багш хүүхдүүддээ "-Энэ бол Монгол Улсаа аврах гэж аргагүйн эрхэнд олон мянган хүнээ алсан сайн дарга" гэхэд ойлгохгүй болохоор нь "-Эжийгээ алж  гэрээ аварсан баатар"- гэхшүү хялбарчилсан ч нөгөөдүүл нь гэртээ хариад  "-Өнөөдөр бид мангасын хөшөөг үзсэн" гэж аав, ээжээсээ зөрдөг.  Монголчууд нусаа гоожуулсан  насандаа л буруу, зөвийг ялгаж байна. Харамсалтай нь, жаахан том болохоор нь алуурчныг "зөвөөр ойлгуулж" эхэлдэг. Өөрийн өвөө, аав, ах, дүүгээ алуулаагүй л  бол,   25 000 монголчуудаа алуулсан нь монгол хүнд хамаагүй ажээ.

Оросод гүрж Сталин, Монголд Манжуураас ирсэн манж буюу дагуур гэх\дагуурууд 19 зууны сүүл гэхэд хятадуудад бүрэн ууссан байсан\ Жамц гэх цагаачийн хүү Чойбалсан хоёр уугуул үндэстний хүмүүсийг үй олноор нь хүйс тэмтэрсэн бол, -Кампучид социализм байгуулахад  7 сая хүн хэрэггүй, 4 сая нь илүү- хэмээн хэдэн сая хүмүүсийг хядсан Улаан Кхмерүүдийн удирдагчид нь  хятад цагаачдын хүүхдүүд байсан нь анхаарал татдаг. Вьетнамын цэрэг ирж болиулах хүртэл тэд 3 сая хүнийг алж амжсан байж. Пол Потын гарал үүслийн тухай  http://en.wikipedia.org/wiki/Pol_Pot -д "...Although Pen Saloth's family was of Sino-Khmer descent and Saloth Sar was named accordingly due to his fair complexion ("Sar" means white in Khmer), the family had already assimilated themselves with mainstream Khmer society by the time Sar was born..."-гэж бичжээ. Түүний баруун гар Иенг Сари-ийн гарал үүслийн талаар http://en.wikipedia.org/wiki/Ieng_Sary-д "...His father, Kim Riem was a Khmer Krom while his mother Tran Thi Loi, was a Chinese immigrant who moved to Vietnam with her parents when she was a little girl. However, during his trial in 2011, it was stated that his mother was of mixed Vietnamese and Chinese descent...." гэснийг уншиж болно.

Гэмгүй олон мянган хүнээ тамлан алуулаад зогсохгүй, тэдний аав, ээж, хань, хүүхэд, ах, эгч, дүү нарыг, жишээ нь, "...Аавыг  минь \Цэрэны Гүрбадамын А.Б\ баривчилсан 1938 оны 6-р сард би 4 нас хагастай байсан тул яаж баривчилсныг сайн мэдэхгүй. Миний ээж, ах, эгч нар ярьсанаас дурьдвал- Миний ах аавынхаа өвөрт унтаж байтал өглөө эрт хачин хэлбэрийн малгайтай хүн манайд буу барин орж ирээд тэдний хучлагыг хуу татан хаяж, бууныхаа амаар аавыг минь хатган, “-Бушуу хувцал, муу эсэргүү! -хэмээн загнаж босгоод моринд нь мордуулж туугаад явсан гэдэг. 5 хүүхэдтэй ээжид минь тугалтай нэг үнээ, нэг морь үлдээж..." амьдын тамд  унагаасан  алуурчныг ойлгодог "ардчилсан" аав, ээжүүд зөвхөн Монголд л байна.
Чойбалсан алгын чинээ хүүхдүүдийг ч бас тарчлаасан юм. Дэд хурандаа Дэжидын Оюун: -1937.9.10-нд аав маань баригдсан\Оюун 8 настай байв. АВ\. Яг хэлмэгдлийн өдөр шүү дээ. 6 хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баривчлагдах үед Дэмид жанжны гэргий Навчаа манайд  хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан. Шөнө шүү дээ. Манай ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр бол төрсөн эгч, дүү хоёр. Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш би дахин гэрийнхээ босгыг алхаагүй. Сүүлд өлсөж, зовж зүдэрч,  гудамжинд хонож явахдаа би гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ...
...Удалгүй тэр авгай нас барж, миний хувьд 3 дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нь аваад, Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод, гэр ч үгүй сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм. Дээр нь аав, ээж, ах дүүгээ баривчлуулсан бид ямар олиг байх билээ дээ.  Тэгж байтал Дэмид Жанжны тогооч байсан "местный" орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад сүйд. Одоогийн Монгол Банкны хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд, "-Та хоёр шөнө болохоор ирээрэй" гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Идэх хоолтой, шөнө унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө иртэл гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсоход, баривчлаад түүнийг 24 цагын дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид "бабушка"-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй бид бабушка л гэдэг байсан юм. Бодвол хороосон байлгүй хөөрхийг\хоолой нь зангирав\. Бид дахиад орох оронгүй, оочих аягагүй болов...
Гэтэл Цэдэндамба гэдэг хөдөөний хүн Элбэгийг минь -хүүхдээ болгоно, мал маллуулна- гээд аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног төөрүүлж байтал, нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3-р хороонд хашааа, байшинтай. Тэднийх гэрт суудаг байсан. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одооныхтой адилгүй, даан ч Дэмидын хэргийн хамсаатан болчих вии гэхээс  их айдаг цаг байв. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна....
...Тэгээд хуучин арьс өнгөны больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад бид сүйд болсон. Баривчилгаанаас 3 жилийн дараа 1940 он шүү дээ. Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж, гудамжинд гаргаад хаячих зүрхтэн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор хигэрт хүүхнүүд юм оёоод, шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг минь надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгж байсан.  Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний "Суран ташуур" хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Мантуу, янз бүрийн ногоотой сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн авчирсан эргэлтээс надад өгнө...".
 Үй олон хүнийг алж, үр хүүхдийг нь амьдын тамд унагасан Чойбалсан болон түүний До Яамныхан гардан хийсэн аймшигт нүгэлдээ харамсах, хар дарж зүүдлэх, гаслах, галзуурах битгий хэл,  харин ч амгалан тайван унтаж, олон үхэр, хонины махыг битгий хэл өндөр насыг зооглосон байдаг.

1920-1990 онууд буюу эхлээд цагаантан\1920-1921\, дараа нь улаантан\1921-1960\, эцэст нь социализмтай\1960-1990\ хамт  өнгөрөөсөн амьдралд маань шударга бус, буруу, бүдүүлэг зүйл зөндөө, ялангуяа 1934-1938 онуудад эмгэнэл дүүрэн байсан ч,  үүрд алдаж мэдэхээр байсан тусгаар тогтнолоо олж авах, үндэстний хувьд сэргэж, соёл, боловсролтой болох бололцоог бидэнд олгосон нь түүхэн үнэн билээ.
Тэр 70 жилийг муулж, харааж, шүүмжилж болох ч харин гүтгэж болохгүй.

1933 онд төрсөн хурандаа Банзрагчын Чулуунбат: -Дээлээ нөмрөөд унтдаг байсан монголчуудыг соёлын довтолгоон л хөнжил гудастай болгосон. Би Офицерын сургуульд ирээд л анх хөнжилд унтсан" гэж байна.

1921 оноос өмнө маш сайхан байсан Монголыг ардын намынхан оросуудтай нийлж муухай болгосон мэтээр ярьдаг "ардчилагчид" -Сүм хийдүүд бол соёлын төвүүд байв, лам нар маань сэхээтнүүд байсан. Оросууд, коммунистууд хийдүүдийг нурааж, номуудыг шатаасан- гэдэг. Үнэндээ бол лам нарын ихэнхи нь монгол бичгээ мэдэх нь битгий хэл шашныхаа түвдийнхэд  ч тааруухан, ойлгохгүй "судруудыг" цээжилж хамаг насаа бардаг хөөрхий нар байсан шүү дээ. Жишээ нь, Онгийн Хийдийн туурьд, хөтөчүүд маань -Энэ хийдийг бас коммунистууд  нураасан- хэмээн гадныхны бичсэнийг  давтан жуулчиддаа "тайлбарладаг." Үнэн үү?! 90-ээд онуудад эндхийн  настнуудаас асуухад тэд лам нарыг баривчлаад явсны дараа хийдийг тойрон байсан айлууд хийх юмгүй болж нүүсэн. Дараа нь ажилчид, цэргүүд хийдүүдээс сорчлон задалж  хавтан, мод, тоосгийг одоогийн Баян-Овоо, Булган, Дэлгэрхангай, Мандал-Овоо, Сайхан-Овоо руу зөөж тэнд захиргаа, сургууль, эмнэлэг, артель барьсныг хуучлан байсан. Үлдэгдэл нь бороо, салхи, шуурганд идэгдэн балгас болжээ. Хүнгүй хийд, уншигчгүй номыг нураах, шатаах шаардлагагүй байж.

Арваад жилийн өмнө нэгэн австрали жуулчин Монголд байгаа түвд номуудыг бүртгэж байгаа түвд хүнтэй танилцсанаа ярьж билээ. Баруунхны бичдэг guidebook-ийнхээр, 1930-аад  онуудад Орос, Монголын коммунистуудад шатаагдаж үнс болсон  гэх тэр номууд хийд, номын сануудын агуулахад шуудай, шуудайгаар байгааг уг түвдээс сонсоод австрали ихэд гайхаад буцсан. Хэдэн жилийн өмнө тэр дахиад Монголд иртэл нөгөө түвд нь номоо бүртгэж дуусаагүйгээр барахгүй, компьютертэй хэдэн монголыг хөлсөлчихсэн сууж байв гэнэ. Монголоос явах дургүй түвд насаараа дуусахааргүй сайхан ажилтай болж.


Манж-хятадын зэвсэг-шарын шашны  лам нар "бие, хувцасаа угаавал буян барагдана- хэмээн  мухар сүсэгтэй монголчуудаа айлгасны "ачаар"  тэдний ихэнхи нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз болон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэн хүн амын өсөлтөд саатуулж байв.
Гэтэл, 1921 оноос өмнө монголчууд бөөс, хир, өвчинд баригдсан байв -гэдэг бол коммунистуудын зохиосон үлгэр гэцгээх болж. "-Тэгвэл өвөр монголчууд бас өвчин, хирэндээ баригдах нь яасан юм?! Тэгэхлээр худлаа л байхгүй юу-гэж нэг сурталч мадлахыг шахаж байна лээ. Дараах түүхийг баримтыг хааш нь нуух вэ: "...Өвөр Монголд 1950-иад оны эхээр явуулсан арьс өнгөний экспедицын материалаас үзэхэд: шинжлэн үзсэн хүн амаас, малжих оронд 47.2%, хагас малжих оронд 8.7%, газар тариаланы мужид 4.8% нь тэмбүү өвчтэй байжээ. Шилийн гол аймгийн монголчууд 1890 онд 84000 байсан бол 1936 онд 35000, Шинэ Барга аймгын Зүүн хошууныхан 1933 онд  10336 байсан бол 1950 онд 7670 болсон байв. Малжих орон гэдэг бол үндсэн нутгийн монголчууд бөгөөд, бүр тодорхой үзвэл, Хөлөнбуйр аймгийнхны 37.4%, Цахар аймаг 40.3%, Шилийн гол аймаг 47.3%, Улаанцав аймаг 56.3%, Зэхэмийн аймгынхны 15.0% нь тэмбүү өвчтэй гарчээ" \http://www.mongolmed.mn/article/2060\
Өөрөөр хэлбэл, монголчууд маань тэмбүү буюу "хятад яр"-д ихээр нэрвэгдсэн, харин хятадууд өөрсдийгөө эмчилдэг, бага халдвартай байж.

"...Buryat Mongols on Baikal Lake were already infected before the first Russian set foot in eastern Siberia. By tha way, the Buddhist monks undoubtedly made a significant contribution towards the spread of the disease in Tuva. Syphilis is certainly widely distributed in Tuva, and because of the lack of proper treatment, its later symptoms, almost unknown in Europe, are frequently seen: caved-in noses, and sores that are often gigantic...", хуудас 34,35, Otto Manchen-Helfen, "An eye-witness Account of Tannu-Tuva", 1929.

БНМАУ- "хятад яр" гээч тэмбүүг эмчлэн бүрэн устгаснаа 1960 онд зарлан баяр хийж  байсныг яах вэ. Гэтэл нөгөө тэмбүү сүүлийн жилүүд ардчилсан Монгол Улсад эргэн үзэгдэх болсон гэнэ. 2013 оны байдлаар, Монгол Улсад халдварт өвчний тархалтыг өнөөх тэмбүү тэргүүлсэн гэж Чимэдцэрэны Цэдэн-Иш эмч дурьдсан байна.http://shuud.mn/?p=338109

Дамдины Cүхбаатар Жанжинг 1921 онд Бодоогын морь баригчаар явсан гэх нь холгүй "ардчилагчид" ч бий.  1912 оноос хойш цэрэгт алба хаасан мэргэжлийн офицер атлаа нэг ламын үйлчлэгчээр явах уу?! "Ардчилсан" түүхчид "-Хиагтад байлдах гамин байгаагүй", эсвэл "400 малчин яаж мэргэжлийн цэргүүдтэй байлдах юм бэ?" гэцгээдэг. Партизан өвгөд амь байсан бол таягаа барин "ардчилсан" чандруу нар луу дайрахсан биз.  Сүхбаатарын цэргүүдийн нилээд нь Хужирбуланд цэргийн сургууль хийсэн, 1912-1913 онд 5 Замын байлдаанд явж Өвөр Монголд хятадын цэрэгтэй тулалдсан  дайчид байсан. Эцэг орноо хамгаалж байгаа хүн илүү зоригтой байдгыг ардчилагчид гадарламаарсан.
Банзарын Өлзийханд\1902-1937\мэдүүлсэн нь: ...Хиагтыг анх чөлөөлөхөд  миний бие хамгаас урд явалцаж мөн хотноо дайран ороод хамт явсан нөхдүүдийн дотроос  Дашням гэдэг хүн дайсны суманд шархдаж унахад түүнийг орхихгүйгээр өргөн авч дайсны үл үзэгдэх газар хэвтүүлэн амийг аварсан билээ. Бас хоолойгоор шархадсан хуучин Эрдэнэ вангийн хошууны харъяат нэгэн хүний биеийг авч, унаж явсан мориндоо сундлуулан гарч Шивээ хэмээх хотноо эмнэлгийн газар хүргэж хэвтүүлэн амийг нь аварсан билээ. Тэндээс Хиагт хотноо эгж ирэхэд ардын цэргүүд дайсны хүчинд автаж хотыг орхиж гарсан учир миний бие буцахыг завдтал дайсны хэдэн морьтой хүн хөөн буудаж унаж явсан морийг оноход арга буюу явган арай чамай зугтаж  улаан цэргийн манаанаа хүрч амь гарсан удаа бии...". хуудас 789-790, "Монгол Ардын Журамт Цэргийн Дуртгалууд", 1985 он.

Хятадын цэргүүд Хиагтаас Зөвлөлт Оросоор дамжин  нутаг буцсан хэмээн "ардчилсан" түүхчид сурталчилдаг болж. Үнэн гэвэл, улаан оросууд зөвхөн хятад наймаачид, тариачид, тэдний гэр бүл, шархадсан гамин цэргүүдийг л галт тэргээр Манжуур лүү нэвтрүүлсэн. Нэг баримт: "...Eastbound were long trains carrying 20,000 Chinese refugees from Ungern's sack of Urga in Mongolia--wounded soldiers, merchants with Russian wives and Eurasian children, coolies, and an occasional European--being transported by Soviet Russia back to China...".
The Far Eastern Republic : Part 8 by Junius B. Wood, National Geographic Magazine, June 1922

Цэргүүдийн нь 70% өвөр монгол, буриад, халхуудаас бүрдсэн Азийн Морьт Дивиз Өргөө хот, Туулын хойд талын Улаан Хад, Дорнын говийн Чойрын Богд Уулын дэргэд хятадын цэргүүдийг бут цохисон ч үнэн, бас Сүхбаатарын цэрэг Хиагтад тутаан очсон гамин цэргийг хөөсөн нь ч үнэн түүх.

Социализмын үед өөрийн нам, засгийнхнаа дөвийлгөн түүхийг тайлбарладаг байсан ч болсон чухал явдлуудыг, "ардчилалынхан" шиг,  үгүйсгэдэггүй байв. Жишээ нь, "... Унгерн ба гамин цэргийн хооронд дайн дэгджээ. Генерал Го Цайтяны олон мянган цэрэг Нийслэл Хүрээнд бэхлэн суусан байж билээ. 1920 оны 11-р сард Нийслэл Хүрээг эзлэх гэсэн цагаантны анхдугаар оролдлого бүтсэнгүй...2-р сарын 3,4-ны хооронд Нийслэл Хүрээг эзэлж байсан гамин цэрэг ба Оросын цагаантны хооронд том тулалдаан болж, гамин бут цохигдон дийлдэж... Унгернд цохигдсон хятадын цэргийн хэсэг нь Хиагтын өмнө талд бөөгнөрсөн байна. Үлдсэн хэсэг нь Хятад руу, Чуулалт хаалган чиглэлээр зугатжээ... хуудас 356, "БНМАУ-ын Түүх", 1984, Улаанбаатар.

 Социализмын үед, ажилтай байхын тулд заавал залуу царайлаг, биерхүү байх албагүй, хүн хазгар ч, мангардуу ч байсан түүнд нийгэмд тустай, тохирох ажлыг нь олж өгдөг байсан. 2-хон жишээг татсу: Би 90-ээд оны дундуур аймгийхаа төвд очоод гуанзад ортол үүдэнд нь нэг гөлөрсөн эр зогсож байв. Танилаа. Нэгэн байгууллагад слесарь явсан залуу төрөл арилжаад хоолны шавхрууг горьдогч болсон нь энэ байв. Найз минь тэднийд байдагсан. Тэр жаахан "юмтай" гэмээр ч, сайн ажиллаад 80-аад онд шинэ жилээр байгууллагынхаа шилдэгээр шалгарсан байж билээ. Хөөрхий минь хөөрөөд улам зүтгэсэн байх. Эцэст нь, ардчилал гарснаар мань хүн залуугаараа ийнхүү золигт гаргагджээ. Одоо хэрхсэн бол доо хөөрхий минь, тэр уулзалтаас хойш олон жил өнгөрч. Цогтын Бямбасүх гээд бас нэг нөхрөө дурсая. Бид сумын номын саны "Тэргүүний уншигч" хүүхдүүд явлаа. Дэлгүүрт ирсэн шинэ номын эрлэгүүдийн нэг нь тэр хүү байв. Тэднийх хожмоо нүүсэн. Аймгын гал унтраах ангид ажилладаг болсон хойно нь би найзтайгаа эргэн уулзаж билээ. Бие хаа сайтай түүнд хувцас нь сайхан зохино. Эхнэр нь сулхан ч тэднийх айлын дайтай амьдардагсан. Би найзындаа олон удаа өнжиж, хонож, ээжийнх нь хийсэн хоол, цайг багаасаа л зооглосон... 90-ээд оны сүүлээр, нэг өдөр Бямбасүх Улаанбаатарт ирчихсэн, үс сахалдаа баригдсан явахтай нь тааралдав. Тэр хотод хог түүдэг болж. Дараа нь тэр минь суга таягтай явж тааралдав. Нүүрс хулгайлж байгаад тэр галт тэргэд хөлөө дайруулж. Дахиж бид хоёр уулзаагүй. Сүүлд, дүү нь хөдөөнөөс дөнгөж ирээд явахтай би таарав. Тэр: -Ахтай та таараагүй биз? Галт тэргэд дайруулж нас барсан нэг хүний зургыг ТВ-ээр үзээд би ирлээ. Ахтай төстэй, таягтай хүн байсан- гэхийг нь би харуусан сонссон билээ. Нийгэм гэнэт доргиогүй бол найз минь өдийд амьдарсаар л явахсан даа. Хайран найз минь...

Ардчилал гээч өөгүй юм байдаг гэж цээжлэнгүүт 1990 онд доторхи цаг нь зогсчихсон хүмүүс Монголд олон байна. Тэд муу бүхнийг соцмализм руу чихдэг.  "Ардчилагчид" ойгоо тэмдэглэх болохоор "бид та нарыг гадаад паспорттой болгосон,  шар сонинтой болгосон, малыг чинь өгсөн" гэхээс биш, тэд Монголын үйлдвэрүүдийг сүйрүүлж, ажилчдыг нь гудамжинд орхисноо, сумдыг номын сан, нийтийн халуун усгүй болгосноо   огт ярьдаггүй.

Хэдэн жилийн өмнө албан ёсны нийтлэлч “ардчилалын ачаар манайхан гар утастай болсон” хэмээн техникийн дэвшлийг ардчилсан нам руугаа тохон ярьж байж билээ.
Үнэндээ 1990-ээд онуудад, айлаар бол "ардчилал" гэсэн гоё баг өмссөн нэг хүү нь  гэрийнхээ зуухыг урд хөршдөө сэм зарчихсантай адил юм Монголд болсон. 1990 онд монголчуудыг сэрээх гэсэн хүмүүст өвгөдийн маань цоглог бүрээн дуу биш, хаанахынх нь тодорхойгүй жингэнэсэн хонхны дуу санаанд орсон нь хачин. "Сэрэнгүүтээ" манайхан хамаг юмаа сүйтгэж, нурааж, хулгайлж эхэлсэн нь бүүр ч хачин. Манжууд: -Уулын орой дээрээс дун бүрээ хүлээхэд нь айл бүрээс бүрэн зэвсэглэсэн монгол цэрэг гарч ирж байна. Тиймээс эднийг хонх, дамар дуугарахад айл бүрээс орхимжтой лам гарч ирдэг болгоно- гэсэн гэдэг.  Тэд ч санасандаа хүрсэн.

Зах зээл, шинэчлэл Монголд 90 онд биш, Горбачевын өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр  уг нь 1986 онд эхэлсэн. Автозасварын заводын ажилчин: -манайхан тоног төхөөрөмжөө түрээсээр авч, сэлбэгээ үйлдвэрээсээ худалдан авч сард 8-15 мян. төгрөг авдаг болоод байтал ардчилал гарч ирээд сүйрүүлсэн- гэж ярьж байна лээ. Хятад, Вьетнам шиг, сүйрэл, сүйтгэлгүйгээр, дэс дараатай, алгуур зах зээлд шилжиж байсан тэр үед хөрөнгө идэж чадахгүйгээ гадарласан этгээдүүд ардчилсан хувьсгал, өмч хувьчлал нэрээр бужигнуулан завшиж санасандаа хүрсэн.

Эрүүл саруул, боловсролтой, мэргэжилтэй хүмүүстэй БНМАУ-ыг үйлдвэр, халуун ус, номын сантай нь 1990 онд Жамбын Батмөнх ардчилагчдад хүлээлгэн өгөхийн өмнө тэднээс "-Монголчуудын олон жил бүтээсэн их баялагыг нь бид сүйрүүлэхгүй, завшихгүй, өөрсдийг нь амаар нь шороо үнхүүлэхгүй!!!- гэсэн өчигийг ард түмний өмнө авах ёстой байв. Гэтэл Батмөнх тэгээгүй, бүхэл бүтэн улсыг тэдэнд зүгээр л бэлэглэсэн. Монголынхоо төлөө хуруу, үзэг,  нүд, толгойгоо чилээсэн Юмжаагын Цэдэнбал гуай байсан бол лавтайяа тэднээс ам өчиг авах байсан. Цэдэнбалыг оросууд биш, харин эд баялгаа сүйрүүлж байсан хүмүүс л Монголд ирүүлэх сонирхолгүй байсан биз.

2014.4.23-нд "25"-ээр УИХ-ын гишүүн Ганбаатар: Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялагыг дэлхийн зах зээлийн үнээс хэдэн мянга бага үнээр зарж, луйвардаж авсан хүмүүс ганц шөнийн дотор тэр бумтнууд болсон" гэж үнэнийг хэлсэн.

Худалдаа, бэлтгэлийн яамны барилга засварын контор 1991 онд тарсан. 100-аад хүнтэй тэр газрын архив нь ч одоо олдохгүй байна. Улсын архивт очиж асуухад ч сураггүй байна. Байран дээрээ байхгүй хувийн 2 бригад болж тарсан байсан.
1970 онд манай газар тариалан 1500 трактортой, 1500 ХААН-н инженертэй болсон байж. Хамгийн сүүлд байгуулагдсан Хурахын САА-ыг өмч хувьчлалаар үнсэн товрог болгожээ. Батширээт сум зүүн бүсийг гэрийн тавилга, модоор хангадаг модны үйлдвэртэй байсныг хувьчлал нэрээр дампууруулсан.
Дарханы ахуй үйлчилгээний удирдах газар 1989 онд монголд анхны хувьчлагдсан байгууллага болсон. Ховд аймгын Мянгад суманд халуун ус 1997 онд үгүй болсон. Увсын Наранбулаг сумын халуун ус 90 оны эхээр сүйрээд 2005 оны үед л сэргэсэн.

Хохироогчын хөшөө сүндэрлэсээр буй "ардчилсан" Монгол Улсад, хохироогчын эрхийг дээдэлдэг, сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтнүүдийг байн байн олноор  сулладаг болж, тэр 7.1-ны  дараах өршөөлөөр 12-хон настай охиныг хоолойг нь хэрчиж хөнөөсөн алуурчдыг ч -насанд хүрээгүй- хэмээн суллан, шоронууд бараг хоосорсон гэдэг.  Хохирогчдын ар гэрийнхэн хичнээн тарчилж яваа бол. 2013 онд 5 настай хүүг заазуурдан тарчлаагаад 8 жилийн ял авсан тэр яргачин магадгүй, "-Би  өршөөлөөр суллагдчихна- гээд өөдрөг суугаа биз. Эргэн сануулахад: http://www.unen.mn/content/26484.shtml

Цэдэнбалтаны "идсэн" нь одоогийнхны хажууд далайн дусаал. Цэдэнбал өөрөө хэдэн ном л идсэн байх. 90 онд Монголыг яаж сүйрүүлсныг бодоход хардах сэрдэх үндэс Цэдэнбалд даргад байсан нь харагдаж байна. Ямар ч бизнес эрхэлж яваагүй мөртлөө гэнэтхэн олон тэр бумын хөрөнгөтэй болсон улс төрчид олон байна.

2010 оны зуны нэгэн өдөр би Таван Толгойн тэнд байсан зөвлөлтийн цэргийн ангийн балгас дээр очлоо.  Тэнд "Портер"-той хэдэн хүн тоосго авахаар очсон байв. 20-иод жил өнгөрсөн ч ардчилагчдын хараадаг социализм, орос хоёрыг монголчууд мөлжиж дуусаагүй л байна. 1912 оны зун явахад Булганы Дашинчилэны дэргэд байсан зөвлөлтийн цэргийн газар доор булаастай шатахууны маш олон зузаан савыг гаргасан, дараа явахад  тэдгээрийг автогенаар зүсэж тэнийлгээд авч явахад бэлдсэн байв.

Оросын коммунистуудад биггий хэл, цагаантан, ногоонтнуудад нь  ч  дургүй манай "ардчилагчид"  Хятадын коммунистуудад ч элэгтэй гэлцэнэ. Урд зүг рүү харж байгаад оросуудыг хараан зүхээд "ардчилагч" болдог нь хачин. Ардчилсан ямаа, ардчилсан биш ямаа гэх нь холгүй байдаг "ардчилагчид" маань ардчилсан биш намынхантай "ашигтай" үед тэврэлддэгийг  монголчуудад хохиролтойгоор хийсэн Оюу Толгойн гэрээ.
Шашныг маань хорьсноор коммунистууд манай монголчуудын сайхан  араншинг эвдсэн -хэмээн "ардчилагчид" 90-ээд оны эхээр халаглан байв. Тэгээд Будда битгий хэл дэлхийн бүх шашныг Монголд цэнгүүлэв. Одоо аль ч суманд очиход шинээр баригдсан "соёлын төв" нь суварга, сүм, хийд. Тэглээ гээд  монголчуудын араншин ихээхэн доордсон гэхээс биш лав л дээрдсэнгүй.

Ардчилалын ачаар Улаанбаатарт машин багтахаа больсон гэнэ. Тийм ээ. Дэлхийд 18-т орох том нутагтай атлаа, хувьчлал нэрээр аймгуудад байсан үйлдвэр, аж ахуйгаа сүйрүүлсний улмаас  амын тал нь ганцхан хөндийд цуглаж, бас корей, вьетнам, хятад болон бусад харийнханд ажлын байраа бэлэглэснээс болж  монгол эрчүүдийн ихэнхи нь таксичид болсон учраас машин багтахгүй байгаа юм. Зарим гадаадынхан Монголыг маань ганц хотттой улс гэж дооглох болж.

Хэзээ нэгэн цагт Монгол Үндэстний Түүх үнэнээр бичигдвэл, тэнд Монголд 1990 онуудад хувьчлал нэрээр ард түмний өмчийг сүйрүүлсэн, хулгайлсан, дээрэмдсэн, 2000 онуудад эх орноо худалдсан,  үй олон цагаачдыг оруулсан   хүмүүсийн нэрс орох бизээ.
 
 Нэг их язгууртан дүр эсгэсэн, өөрийгөө Ноён, Хатагтай гэж дуудуулах дуртай хүмүүсийн нилээд нь нийтийн өмчийг залилан авсан хулгайчид билээ.  Хулгайлаад баригдаагүй бол хулгай ч биш гэх  сэтгэхүй...

No comments:

Post a Comment