Friday, November 8, 2013

08. "Монгол хүн гэчихвэл амных нь алт унах уу?!"

Нийтлэлч Алхана Болд, 2010 он. No.08. "Монгол хүн гэчихвэл амных нь  алт унах уу?!" /Үндэстний маань хэсэг- өвөр монголчуудын хүү, Өлзийтогтохийн Энхтүвшин\"Сококурай"\ Японы сүмо-гийн дээд зиндаад 8 давснаар тэндээ үлдэж чадлаа. Даан ч манай зарим ТВ-ийн тайлбарлагчид элэг нэгтнийхээ амжилтад баярлан ганц удаа ч гэсэн түүнийг-монгол бөхчин-гэвэл амных нь алт уначих мэт аашлан, түүнийг үзэн ядаад эсвэл үгүйгээд буй нь мэдэгдэхгүй 10-аад хонов. Тэгсэн атлаа тэд "Гүрж бөх", "Болгар бөх", "Солонгос", Эстонийнх гээд сүйд. Бөхийг тайлбарлахдаа тэд олон улсын хуулийг баримтлах гээд байгаа бол, өвөг дээдсийнхээ ариун голомт-Монгол Улсаас өөрийн хүслээр татгалзаж, монголчуудаа эмзэглүүлэн харь улсад элсэгсэдийг -Монголын бөх- хэмээн зусардах эрхгүй биш үү. Япон Улсын эрхэд ч халдана биш үү. Тэгээд ч, тэд Монголынх гэж хэлүүлэх дуртай байгаа юм уу?! Харин -Паспорт, сэтгэл хамаагүй, бие нь монгол бөх- гээд байгаа бол Энхтүвшин ч бас багтах бус уу!? Олон улсын хууль гэснээс нэгэн дурсамж санаанд орж байна. 2008 оны Бээжины Олимпийн үеээр Монголын зарим сэтгүүлч ТВ-ээр "Хятадын боксчин маань"/манай Хятадын боксчин/, "Хятадууд маань"/манай хятадууд/- гэцгээж улс, үндэстнээ "андуурч" улс төржөөд байсан нь гайхалтай байв... Хамгийн зөөлөн хэлэхэд, улсаа гологсодыг -Монгол Улсын гавъяат/"Монгол Улсад гавьяа байгуулсан"/, манай тамирчин- хэмээдгээ томчууд бид Төрийн дуулалаа аялан зогсдог бяцхан үрсдээ юү гэж тайлбарлах вэ?!. "-Том болоод та нар ч гэсэн төр\улсаа цамц, өмд шигээ сольчихож болно, одоохондоо наадхаа дуулж бай" гэх үү. Улсаасаа татгалзахад ямар нэгэн харамсал, буруушаалт баймаар. Үгүй гээд байгаа бол, манай түшмэлүүд "-Хүүхэд, залуусаа эх оронч үзлээр хүмүүжүүлнэ!-гэдэг нь  хоосон хий үү?! Сонгуулийн "шоу" юу? Эх орноосоо урвахад урьд цагт бууддаг байсан бол одоо шагнадаг болох нь уу?! Эх орноо голсон хүнээр бахархах, түүнд баяр хүргэх нь эрүүл явдал уу?! Монгол Улсынхаа харъяатаас татгалзах нь аажмаар үр садын маань хувьд, эцгээ хаях мэт эмзэг асуудал байхаа болиод, харин жолооны үнэмлэхээ солихын чинээ явдал, Америк, Японы иргэн болох нь  диваажинд очих мэт баясал болж хувирсаар байна биш үү?

Уг нь монголчууд "сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь" гэцгээдэгсэн. Жич: Цагаач хятадыг "иргэн"/ирсэн хүн/ гэж нэрлэдэг байсан Монголд одоо өөрсдийгөө иргэд\"ирэгсэд"\ гэцгээдэг болж. Монгол хүн уг нь "иргэн" биш харин харъяат юмсан. Монгол Улсын харьяат болно гэдэг бол зарим монгол хүнд бүтэхгүй мөрөөдөл. Нэгэн хазар хүн "-Би Монголын иргэн болох юмсан. Өвгөдийнхөө нутагт хогийг нь шүүрдэж байгаад ч гэсэн үхэх юмсан" гэж бичсэн байсан. Өвөр монгол Хуучинхүүгийн "Чулуун зүрхтэй хайлаас" номоос иш татъя: "Үдийн наран голлож маш халуун агсан ч үе үе сэрчигнэх зөөлөн салхи хөгжмийн аястай санагдана. Бид нэг хөтөл дээр амсхийн суухад хажууханд сүрэг үхэр нэлийтэл хэвтэж үдэлж байлаа. Мах, тарга сайтай өег цатгалан тэдний амгалан тайван байдлыг харсаар эгч минь "-Ирэх төрөлд Монголд хүн болж төрж дийлэхгүй бол ядаж мал болоод төрчихъе" гэв. Би цочисхийв. Сургууль соёлын мөр олж хөөгөөгүй эгчийн минь амнаас гармааргүй үг. Энэ үгэнд хичнээн их зовлон зүдгүүр амссан түүхийн шимшрэл, хичнээн их төвөгдөж гачигдаж байгаа одоох амьдралын аргагүйдэл, жич заяа тавиланы гомдол гутрал агуулагдаж байгаа...". 

Өвөр монголчууд хятад болсон гэцгээнэ. Өвөр монголчуудын ихэнхи нь монгол царай, төрхөөрөө байгааг бид Одон ТВ-ээр нь хардаг атлаа тэднийг -хятад болсон- гэцгээдгийн цаана ямар учир байна вэ?
Өмнөд нутгаа сахин үлдсэн өвгөдийн маань үр сад болж, Өвөр Монголд төрсөн нь тэдний буруу юу?! Хятадууд "өвөр монгол", "монгол бөх" хэмээн дуртайяа ярьж, "Одон" ТВ-ыг Монгол Улс дахь ах дүүсэд нь өдөр бүр үзүүлж байхад, юунд зарим маань хятадуудын зүүдлээ ч үгүй хоригыг өвөр монголчууддаа хэрэглэдэг юм бол?!  Ах дүүстэйгээ харьцахаас айдаг монголчууд харь үндэстэн- түвдүүдийг дагах, урихдаа жигтэйхэн зоригтой. "Манайхныг улам мунхруулж өг"- гээд шалаад явдаг биз.

Өвөр монголчуудын дунд муу явдалтай, эсвэл монголчуудынхаа эсрэг зүтгэдэг зарим этгээдүүд байдгийг   үгүйсгэж болохгүй. Тэр этгээдүүдээр далимдуулж бид  бүх өвөр монгол ах дүүсээ хараан зүхэж, тэднээсээ нүүр буруулж, тэдэндээ дээрэнгүй хандаж болох уу?!
Шороон түмэн хятадын дэргэд орших гэж оролдож яваа ах дүүсийнхээ элэг зүрхийг бид яах гэж өвтгөнө вэ:
а. Өвөр монголчуудаа үл тоомсорловол эсвэл хараан зүхвэл тэд  хятадууд үнэлнэ гэж горьддог бололтой. Харин ч бүүр эсрэгээрээ "-Ар монголчууд бол ах дүүсээ гэдэггүй новшийн этгээдүүд байна. Тэгвэл өөрсдийг нь..." гэж хятадууд жигших ч юм бил үү. "-Цэвэрлэгчээсээ эхлээд Ерөнхийлөгч нь ч монгол хүн байдаг" хэмээн элгэмсдэг Монгол Улсад нь өвөр монголчуудтай гэгээрлийн дүрийг эсгэдэг ламаасаа эхлээд яаж харьцдагын нэг жишээ: "Монгол түмний сүсэг шүтлэгийг сүжиглэсэн Ганданы их дуганд ортол хойноос шар тэрлэгт лам "Хүүе хө, и чиан тү!" гэж нэг наалттай бичгийг заав. Монголын хүмүүсээсээ мөнгө хураахгүй агаад биднийг өвөрлөгч гэж таньчихаад тэгж байна. Яах гэж та хятадаар ярьдаг вэ? Бүр монгол хүн байтал мянган төгрөг гэчихэж болдоггүй юм уу?" гэхэд мэхийсхийгээд "За, уучлаарай" гээд "И чиан тү" гээ авлаа" -хэмээн "Чулуун зүрхтэй хайлаас" номд бичсэн байсан. Цонжин болдог дахь Чингис Хааны Хөшөөд гадаад хүнийг 10000төгрөгөөр оруулдаг ч өвөрмонголчууд, халимаг, буриад, хазаруудыг бидэнтэй адилхан 5000-аар оруулж монгол хүн гэдгийг нь тааламжтайгаар мэдрүүлж байхсан. Тэр ч бүү хэл "-Өвөр монголчуудын хятадуудыг үзэн ядах үзэл нь шизофренийн хэмжээнд хүрсэн. Тэд бүр "Одон ТВ"-ээрээ хятад хүнийг улаан цайм доромжилж, шоглож байдаг" гэж  хэвлэлээр ховлосон "их бичгийн хүн" ч Монголд бий. Өвөр монголчууд даварсан, давраагүйг Хятад Улс л мэдээгүй байв гэж.

б. Өвөр монголчуудаас өөр дээрэлхчихмээр хүмүүс манайханд олддоггүй бололтой. Хаяа "буриад" гэж зүхүүлдэг найз минь  :-Өвөр монголчууд чинь хужаа нар шүү дээ" гэж байв. Буриадыг хараагч "цэвэр халх"-ыг бас нэг  нь "хөдөөний мал" гэнэ. Иинхүү монголчуудын тамын тогоондоо чанагдсаар байна.

 Нэг бол, "-ах дүү" гэчихвэл тэд алт, зэснээс маань гуйна- гэж манайхан айгаад байна уу. Өвөр монголчууд ар Монголын төлөө гаминтай тулалдаж амиа алдаж, цусаа урсгасныг л сонссон болохоос биш, алт, мөнгө, зэсийг гуйв гэж би дуулсангүй. Одоо л гуйв гэж үү. Тэгээд ч, харийнханд уул уулаар нь өгөөд туучихдаг баялагаасаа манайхан элэг нэгтэндээ бол атгыг ч өхгүй биз. Эрээнд тэднийхээ нэгэнд 5 юань илүү төлчихвөл, "за яахав, хүний нохой идэхээс өөрийн нохой" хэмээн сэтгэлийн таашаал авахын оронд "-Өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм бил ээ!" хэмээн ухуулаад явагсад олон. Зургаан ч өвөр монголыг танихгүй байж "-Би 6 өвөр монголтой утсаар ярьчихлаа, бүгд залилах гээд байна" гэх нь холгүй. Өвөр монголчууд сайн ч, муу ч байсан бидний л ах дүүс. Хамаатнаа сонгох биш. Холуур явмаар хуншгүй хүмүүс үү тэд? Мэдээж тэдний дунд муу ч хүмүүс бий. Монгол хүний мөстэй нь олонхи юм шиг санагдаад байдаг юм. Хэн хэнийхээ яриа, хэллэгээс л харъя: Ядаж л тэд манайхан шиг "-Юу байна?" гэж мэндэлдэггүй юм бил ээ. Гол төлөв "хөгшин", "хөгшчүүл" буюу бараг л хэрэггүй бологсод Монгол Улсад байдаг бол, Өвөр Монголд хүндтэй "настан", "настнууд" байдаг бололтой. 6 сая өмнөд ах дүү нартаа дүргүй атлаа, тэд мөнгөтэй харийнханд, "-Танайхны бөгс хөх толботой байлгүй дээ", "-Танай өвөг дээдэс энд амьдарч байсан байх" гэхчлэн бялдуучилдаг. Тэд бараг л "-Манай монголчууд хаа нэгтэйгээс цагаачлан ирсэн байх. Одоо та нар нутгаа ав" гэх нь холгүй... Элэг нэгт ах дүүсээ дэмждэггүй юмаа гэхэд бид ядаж элдэв харгис, хүйтэн үгсийг чулуудаж тэднийхээ өр зүрхийг өвтгөхгүй явахсан даа.

Монгол Улс дахь монголчууд бүгдээрээ өвөр монгол ах дүүсдээ дургүй гэвэл худлаа. 30 орчим насны бүсгүйгээс би "өвөр монголчууд хятадуудаас доор"-ийг асуухад тэр "-Юу ярьж байгаа юм бэ?! Тэд бидний мах цусны тасархай шүү дээ!!!" хэмээн уулга алдаж байв.

Булагнан жаргах гээд бүгдээрээ мөхчихсөн байх вий дээ, монголчууд. Монгол Улс дахь монголчуудын дунд дэлгэрээд буй- "өвөр монголчуудыг бодвол хятад нь дээр юм билээ" гэсэн гажиг, хортой уншлагыг бид үндэстнийхээ, хойч үеийнхээ төлөө таслан зогсоох цаг болжээ.

No comments:

Post a Comment